Monday, December 7, 2009

20 жилийн дараах би...

Хүний амьдрал яг л жүжиг мэт. Гэхдээ тайзан дээрхээс ялгаатай нь бид үүнийг туурвихдаа яаж төгсөхийг нь урьдаас мэддэггүй. Гэсэн ч тэрхүү төгсгөлийн цэгийг тодорхойлж, өөрийн дотоод сэтгэлдээ байршуулан, гагцхүү түүндээ хүрэх гэж тэмүүлж хөдөлмөрлөснөөр зохиолынхоо гол дүр байж, өөрийн хүссэнээр төгсгөж чадах болно. “Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэдэг шүү дээ. Үүнээс л бид 5, 10, магадгүй 20 жилийн дараа хэн байх вэ? гэдэг нь урган гарч ирдэг. Би өнөөдрөөс 20 жилийн дараа гэхэд мэргэжлээрээ мэргэшсэн, улсынхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж чадахуйц чадалтай, эрч хүчтэй залуучуудын эгнээнд байж, ажил мэргэжлээрээ тэргүүлсэн нэгэн байхыг эхмэлздэг юм. Тиймээс үүнийхээ төлөө тууштай явж чадах нь хамгаас чухал билээ. Үүнээс гадна ямар ч бэрхшээл тулгарсан мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Чин сэтгэл, хөдөлмөр, зүтгэл гаргаж түүнээсээ сэтгэл ханамж авч амтыг нь мэдэрдэг ажил мэргэжилтэй байх шиг сайхан юм ховорхон. Мөн тэр үед миний хувьд юунаас ч, хэнээс ч илүү хүндтэй байр суурь эзлэх хамгаас үнэтэй гэр бүлтэй болсон байх нь дамжиггүй. Хүний гэр бүл гэдэг өөр юугаар ч сольж, орлуулшгүй нэн түрүүнд тавигдаж байх, цорын ганц нь гэж санагддаг. 20 жил гэдэг бага хугацаа биш. Эргээд харахад харамсахааргүй, хийж бүтээсэн зүйлтэй байгаад зогсохгүй, цаашид ч хийх гал эрмэлзэл, эрч хүч, авъяас чадвар дүүрэн байна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Жижиг жижиг алхмын хуримтлал нь үржин үржсээр томоохон үр дүн, их амжилтыг бий болгодог билээ. Миний өдөр тутмын энгийн зүтгэлээс бий болох бяцхан үр дүн нь улам их зүтгэлийг ундраах эрч хүч минь болдог. Би 20 жилийн дараах ирээдүйдээ өчүүхэн төдий ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл надад хэнээс ч илүү мөрөөдөл, түүнийгээ амилуулах төсөөлөл байдаг.

No comments:

Post a Comment